Сагсанбөмбөг

БУРХАНЫ ДӨРВӨН ХҮҮ


Коби БРАЙНТ , Аллен АЙВЕРСОН , Трэйси МАКгРЭДИ, Винс КАРТЕР энэ дөрвөн залуус 2000 оны эхээр НБЭ-д цойлж гарч ирсэн ховорхон төрөх хосгүй авьяастнууд юм. Маш олон хүмүүсийг сагсанбөмбөг хэмээх гайхалтай спортод дуртай болгож олон хүмүүсийн зүрх сэтгэлд хэзээ ч мартахгүй дурсамж, бэлэглэж чадсан Агуу эрхэмүүд билээ.


Айверсон Коби хоёр 1996 онд NBA-д хөл тавьсан бол, Макгрэйди Винсэ нар 1997, 1998 онуудад NBA-д орж эхний тоглолтуудаа хийж эхлэв. Яг энэ үетэй давхцан Сагсанбөмбөгийн бурхан Агуу Майкл Жордан зодог тайлж NBA-д энэ дөрвөн залуугийн эрин үе эхлэх үүд хаалга нээгдлээ. Коби Макгрэйди хоёр NBA-д ахлах сургуулиа төгсөөд шууд орсон тул томчуудыг дунд хөлөө олоход бүтэн хоёр улирлын шаргуу хөдөлмөр хөлс хүч шаардагдсан бол Айверсон, Винсэ хоёр энэ лигт орж ирээд л гангарч эхлэв, драфтаар сонгогдоод л  багийнхаа Лидэр гол тоглогч болцгоож зөв цагтаа зөв газраа очсон байлаа. Эдгээр 4 залуус дараагийн 10 жил NBA-г дэлхий дахинд таниулж сагсанбөмбөгийн гайхамшигийг та бидэнд мэдрүүлэх хувьтай байсан юм.


Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч 2001 он гэхэд тэд бүгд лигийн супер од болсон байв.  Трэйси МАКгРЭДИ  Орландо Мэжикийг чимж, Айверсон NBA-ийн Финалд шалгарч, Коби аварга авч, Винсэ Картер гайхалтай тохолтуудаараа лигийг алмайруулж эхэллээ. NBA-д урьд байгаагүй гайхалтай тоглолтууд энэ залуусын хооронд болцгоож өөр өөрсдийн багийг ёстой л нэг чирэх шуугуулах мандуулах гэдэг нь болж байв. Айверсон дундаж 183см өндөртэй ч 2 метр гарсан залуусын өгзөгийг жинхэнэ өшиглөж #3 дугаарыг бүх залуус булаалдан өмсөцгөөж, Коби Брайнт Шакийл Онийлтэй хамт NBA-д ноёрхолоо тогтоож Трэйси МАКгРЭДИ багаа тэргүүлж онооны аварга болж Винсэ Картер тэнгэрээр дүүлж байлаа. Аллен Айверсоны гайхалтай кросс, Картерийн гоёмсог тохолтууд, Макгрэйдигийн гоёмсог 3 онооны шидэлтүүд, Кобигийн Жорданыг дахин төрүүлсэн мэт хөдөлгөөнүүд  NBA-г хэзээ ч уйдхааргүй гайхалтай лиг хэвээр нь үлдээж 2000 оны эхний арван жилийг эзэгнэсэн билээ.

Аллен Айверсон: Мандаж явсан нар нэг л өдөр газарт бууж Айверсон 2001 онд Аваргын төлөө шалгарснаас өөрөөр амжилт үзүүлсэнгүй. Анх лигт орсон цагаасаа тоглолтын хэв маяг гайхалтай кроссовер өөртэй итгэлтэй байдлаараа дэмжигчидын хайр хүндэтгэлийг хүлээсэн Айверсон маш их ачаалал үүрч талбайд ганцаардаж байлаа, түүнийг баг жил бүр плэйофф-т шалгардаг байсан ч хожил ялалт аварга бүхний дээр байна гэдэг тийм амар биш гэдгийг Айверсоны Фили-д ганцаараа зүтгэсэн ганцаараа чирсэн он жилүүдээс мэдэрч болохоор байлаа.  Айверсон 2006 онд олон дараалласан бүтэлгүйтлийн эцэст Филадэльфиа 76  багаа солиход хүрсэн юм. Айверсон “Хэрвээ би 76-г орхивол энэ нь цаг нь болсон гэсэн үг, Би Фила-д хайртай хэзээ ч өөрчлөгдөхгүй “ гээд Филаг орхиж залуу од Энтони-д туслаж аварга авахаар Дэнвэр хотыг зорив. Гэвч Айверсоны онооны лидэр багийн супер од статус нэгэнт байхгүй болсон байлаа. Түүнд Кармело Энтони-д  туслах үүрэг оногдсон ч плэйофф-т амжилт олоогүйн улмаас түүнийг Дэтройт руу солив. Айверсон Дэтройт, Мэмфис, буцаад Филадэльфиа-д хэсэг тоглосон ч удалгүй зодог тайлсан билээ. Тэрээр 2016 Алдарын тэнхимийн гишүүн болсон юм.  Хүмүүс түүнийг аварга авсан эсэхийг дурсахгүй байж магадгүй ч БҮГДИЙГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ХИЙСЭН ДАХИН ТӨРӨХГҮЙ ХОСГҮЙ НЭГЭН  ГЭДГИЙГ ҮҮРД ДУРСАХ БАЙХ АА.


Винс Картер: NBA-Бүсийн финалд 2001 онд шалгарснаас хойш Торонто дахин томоохон амжилтанд хүрсэнгүй Картерийн хувийн амжилт гайхалтай байж гайхамшигтай тохолтуудаараа үнэхээр олон хүмүүсийн хайрыг татаж “AIR CANADA” “HALF MAN HALF AMAZING” гэх мэт хочтой болж байсан ч багийн амжилт сайн биш байсны улмаас мөн бэртэл гэмтлийг удаа дараа авсны  улмаас 2004 онд NEW JERSEY NETS баг руу холбогч Ж. Киддтэй хослол бүрдүүлэхээр очсон юм. Нэтс-д хувийн амжилт дажгүй байсан ч мөн л аваргын төлөө өрсөлдөх баг байж чадаагүйн улмаас 2009 онд Ж.Кидд, Р.Жефферсон, В.Картер гурвын нэгдэл задарсан билээ. 2009 онд Орланда Мэжикт очсон ч удалгүй Финикс санс, Даллас Маварикс, Мэмфис, Кингс, Атланта Хавкс багуудад  тоглоод NBA-д 22 жилийг өнгөрөөж өөрийнхөө мартагдашгүй орон зайг үлдээгээд зодог тайлсан  Агуу нэгэн билээ.

Трэйси МАКгРЭДИ – Торонтог орхиж Орландод ирсэнээр гэрлийн хурдаар алдар хүндийн оргилд гарав. Хоёр удаагийн онооны лидер, хоёр удаагийн NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгдэж, Шилдэг амжилт нь ахисан тоглогч болж жигүүрээ дэлгэсэн бүргэд шиг л дүүлэн нисч эхлэв. Гэхдээ хувийн амжилт лигт гайхуулахаар сайн байсан ч багийн амжилт хараахан тийм биш байлаа. Орландо-г гурван улирал дарааллуулж плэйофф-д оруулсан ч нэгдүгээр шатнаасаа шалгарч чадсангүй, эдгээр тоглолтуудад TMAC 34+ оноо дундажласан ч түүнд туслачих хүн тийм ч их байсангүй. ТМАС Орландог орхиж Рокетс-тэй нэгдсэн ч багийн амжилт плэйоффоос хэтрэхгүй байсаар түүний гайхалтай карээр бэртэл гэмтэлээс болж талбайн хажууд ихэнх цагийг өнгөрөөх болж 2013 онд зодог тайлсан билээ. Тэрээр 2017 онд алдарын тэнхимийн гишүүн болсон юм. Тэр аварга аваагүй хүссэндээ хүрээгүй байж магадгүй. ГЭХДЭЭ ТЭР БОЛ ЦОРЫН ГАНЦ АХИН ДАВТАГДАШГҮЙ АВЬЯАСЛАГ НЭГЭН БАЙВ.


КОБИ БРАЙНТ- Коби бол БУРХАНЫ ДӨРВӨН ХҮҮ дундаас хамгийн их амжилтанд хүрсэн нэгэн билээ. Тэрээр 5 удаагийн NBA-ийн Аварга, 2 удаагийн Финалын үнэ цэнэтэй тоглогч болсон юм. Гэхдээ тэр нэг багт өөрийн карээрийн турш зүтгэж Лэйкерсийн уналт босолт амжилт ялалттай үеүдэд хамт байсан гэдгээрээ онцгой нэгэн билээ. Тэр бол төрөлхийн тэмцэгч бөгөөд багийнхныгаа сорьж , хэвлэл мэдээллийнхэнтэй тэмцэж, өөрөө өөртэйгээ тэмцэлдэж талбайд болон талбайн гадна хэзээ ч бууж өгөөгүй төрөлхийн ялагч байв. Тэрээр Айверсон, ТМАС, Винсэ-тэй өрсөлдөж өсөн хөгжиж, дараагийн үе болох Мэло, Вэйд, Лебронтой өрсөлдөж ялж ялагдаж явсан хосгүй нэгэн юм. Түүний ялалт амжилт домог болж  ТҮҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ ГАНЦХАН ҮГ “ЯЛАГЧ” хэмээх тодотголд үлджээ.


Маш олон хүмүүс тэд хамтдаа тоглосон бол яах байсан бол нэг багт байсан бол гэж ярьцгаадаг, гэхдээ эдгээр дөрвөн тоглогч хэзээ ч нэг багт нэгдэж хялбар замаар аварга авахыг хүсээгүй нэг нэгнийгээ хурцалж өрсөлдөж ялж ялагдаж, нөхөрлөж явсан, сагсанбөмбөг хэмээх гайхалтай спортыг дэлхий дахинд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Амжилт карээрийнхаа оргилд үед зөвхөн “ялалт хожлын төлөө ” хөлсөө дуслуулж гайхалтай тоглолтыг бидэнд толилуулж дурсамж үлдээж алмайрам тохолтууд, хууралтууд, тэмцэл, ялах хүсэл тэмүүлэл, бүгдийг үлдээж чадсан Аугаа Дөрвөн домог билээ.


БИД БҮГДЭЭРЭЭ МЭДНЭ ЗАРИМ ЗҮЙЛ ӨӨРЧЛӨГДӨЖ ӨНГӨРСӨН ЗҮЙЛ ХЭЗЭЭ Ч ЭРГЭЖ ИРЭХГҮЙ ГЭДГИЙГ. ГЭХДЭЭ ТЭД БИДНИЙ ЗҮРХ СЭТГЭЛД ҮЛДЭЖ САГСАНБӨМБӨГТ ДУРЛАСАН ТЭР БЯЦХАН ЖААЛЫГ ҮРГЭЛЖ САНУУЛЖ ОРШСООР БАЙХ БОЛНО.

Similar Posts

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн